Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагад нэгэн хүнээс "Хэсэг бүлэг иргэн динозаврын яс хадгалж, нийслэлд аваачиж зарахаар замдаа гарсан" хэмээн нууц мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу шалгалт хийхэд Өмнөговь аймгийн харьяат Б, М, Ч, Б, Ө нар нь палентологийн олдвор болох бүтэн динозаврын ясыг бусдад өндөр үнээр зарах гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээллээр уг олдвор нь хожуу цэрдийн үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийгдэж байна. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг.