Жилд 1.3 сая орчим электрон тамхи улсын хилээр нэвтэрдэг гэж Гаалийн Ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираа мэдээллээ.
Тэрбээр "Электрон тамхийг МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хууль, эрхзүйн заалт одоогоор байхгүй. Тухайн барааг хилээр оруулж ирж байгаа байгууллага хувь хүмүүс мэдүүлэгтээ үнэнээр нь мэдүүлсэн тохиолдолд бид нар бүртгээд ямар ч асуудалгүй нэвтрүүлнэ гэсэн үг.
Хүүхэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ маш их байгаад ундууцсан иргэд, эцэг эхчүүд их шүүмжлэлтэй байдаг. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах талаар зөвлөмж ЭМЯ-аар дамжин ирсэн. Гэхдээ энэ бол зөвлөмжийн хэмжээний эрхзүйн зохицуулалт юм.
Одоо боловсруулагдаж байгаа Тамхины хяналтын тухай хуулийн төсөл яг боловсруулагдаж байгаа. Энэхүү төслийн арга хэмжээнд гаалийн байгууллагаас оролцоод тодорхой хэмжээний байр сууриа илэрхийлээд явж байна. Энэхүү электрон тамхи нь утаат тамхинаас эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй байж болзошгүй учраас Онцгой албан татвар ногдуулах эсвэл гаалиар огт нэвтрүүлэхгүй байх саналаа оруулаад явж байна" гэх тайлбар мэдээллийг өглөө.