Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болж байна. Чуулган хийснээр эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. Гандантэгчилэн хийдийн хамба лам, гавж Д.Чойжамц, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл, УДЭТ-ын Ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, жүжигчин, продюсер Ж.Баясгалан нар чуулганд зочноор оролцож, илтгэл тавьжээ.
Мөн чуулганд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра оролцож эрчүүдийн тогтвортой хөгжилд тулгарч буй асуудлуудыг хөндөн, үг хэллээ. Тэрбээр "Монгол эрчүүд тэр дундаа 26-38 насны залуучууд гадагшаа ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнд ихээр оролцож байгаа нь Монгол улсын нийгэм эдийн засгийн болон гэр бүлүүдэд олон үр дагаврыг бий болгож байна. Иймд илгээгч улс буюу Монгол улс нь хүлээн авч буй БНСУ гэх мэт улсуудтай ажиллах хүчний шилжих хөдөлгөөний гэрээ байгуулах нь зүйтэй юм. Энэ нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөх гэх мэт олон эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Боловсрол ба шилжилт хөдөлгөөн: 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид орж байгаа нь малчин болон орон нутгийн өрх бүлүүдийг тусдаа амьдрах, цаашлаад салах шалтгааны нэг болж байна. Дэлгэрүүлбэл, 6 настай хүүхдийг сумын төв эсвэл аймагт сургуульд суулгахад гэр бүлийн аль нэг гишүүн тэр дундаа ээж нь хүүхдээ даган суурин суурьших шаардлагатай болдог ба энэ нь гэр бүлийн зөрчил, салалт бий болоход нөлөөлж буй нь 21 аймагт ажиглагдсан юм. Гэхдээ энэ нь 6 настай хүүхдийг сургуульд суулгахыг үгүйсгэсэн бус харин 6 настнуудыг асрах, эцэг эх нь санаа тайван сургуульд нь явуулах боломж, орчинг бий болгох нь чухал юм" гэдгийг онцоллоо.
"