Манай улсын нийт гадаад өр 2021 онд өмнөх жилийнхээсээ нэг тэрбум ам.доллароор нэмэгдэж, 33.2 тэрбумд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нийт гадаад өрийн 37 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь (8.2 тэрбум) нь бусад салбарынх аж. Тэгвэл 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газар, 7.7 хувь (2.6 тэрбум) нь Төвбанк, таван хувь буюу 1.7 тэрбум “ногоон” нь тус банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх гэнэ. Гадаад өр ийнхүү нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3, Төвбанкных 342.1, уг банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Засгийн газрын гадаад өр 167.6, бусад салбарынх 32.2 сая “ногоон”-оор багассан юм байна. Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.9 хувийг гадаад, 920.6 тэрбум буюу 3.4-ийг нь дотоод өр эзэлжээ. Тэгвэл 876.5 тэрбум төгрөг буюу 3.2 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 673.9 тэрбум (2.5 хувь) нь барих-шилжүүлэх төрлийн концесс аж.
Бэлтгэсэн Ц.Болор