Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29, шингэрүүлсэн шатдаг хийн 11 агуулахад шалгалтыг гуравдугаар сарын 1- 25-ны өдрүүдэд хийхээр төлөвлөжээ. Одоогоор “Газ ойл нефть” ХХК, “Лекс ойл” ХХК, “Монсуль” ХХК, “М-Ойл групп” ХХК, “М1 энержи” ХХК, “Синчи-Ойл” ХХК, “Эко Вест Ойл” ХХК, “Петрохаан” ХХК-ийн агуулахын барилга, байгууламжид гал тэсвэршилтийн зэрэглэл, сав тоног төхөөрөмжийн хоорондын болон бусад объектууд хүртэлх галын аюулын зай хэмжээ, бүтээгдэхүүн хадгалж буй савны парк, орлого, зарлагын технологийн ил шугам хоолой, ачих, буулгах байгууламжийн үндсэн бүрэлдэхүүн, насос станцууд нь норм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд техник, технологийн үзлэг, шалгалт хийсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж нь “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм” БНбД 21-03-04, “Хийн хангамж” БНбД 42-01-19 норм, техникийн ерөнхий шаардлагын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Технологийн байгууламж. Техникийн ерөнхий шаардлага” MNS5746:200 стандартаар тогтоосон шаардлагуудыг хангасан байх шаардлагатай байдаг тул Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтмол давтамжтай үзлэг, шалгалт хийдэг.