"Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн" өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэлжээ. Энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт таван сая мод тарих болсон талаар албаныхан мэдээллээ. Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил сум дундын ойн ангиа түшиглэж 2.5 сая модыг тарьж, зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийнэ гэнэ.
Говьсүмбэр аймаг Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхнээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг билээ.