Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол анх удаа хамрагдахаар болсон. Эл үнэлгээнд хэрхэн хамрагдах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Үнэлгээнд зөвхөн 15 настай сурагчдыг хамруулдаг бөгөөд танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн ашиглаж буйг нь тодорхойлдог онцлогтой юм байна. Ингэхдээ суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухааны хичээлийн агуулга, унших, бүтээлчээр сэтгэх түвшнээр нь тогтоодог аж. Уг үйл ажиллагааг ирэх сарын 11-нээс эхлэн сар орчмын хугацаанд зохион байгуулах бөгөөд 196 сургуулийн 7300 сурагчийг түүврийн аргаар хамруулах гэнэ. Харин үнэлгээний үр дүнг арванхоёрдугаар сард зарлах аж.