Төрийн эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн байна. Манай улс 2014 онд уг бодлогоо баталжээ. Гэсэн ч түүнийгээ төдийлөн хэрэгжүүлээгүй, эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо ч бэхжээгүйг аудитын дүгнэлтээс харж болно. Тэр дундаа зарим бүлгийн эмийн үнэ импортынхоосоо 10-82 хувиар өндөр байна гэжээ. Үндэсний аудитын газраас Гаалийн ерөнхий газрын мэдээнд үндэслэн судалгаа хийсний үр дүнд ийнхүү тогтоосон юм байна. Жишээ нь, гепатит вирусийн эсрэг эмүүдийн олон улсын дундаж үнийг судлахад, стандарт эмчилгээний хугацаанд буюу гурван сар уух нь 58 ам.доллар байж. Харин манайд 180 ам.доллароор борлуулж байжээ. Үүнээс өмнө 2012 онд ЭМЯ-наас судалгаа хийхэд эмийн үнэ олон улсын жишгээс 2.24 дахин өндөр байгааг тогтоосон гэнэ. Дараа нь буюу 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр судалгаа хийхэд дээрхтэй адил үр дүн гарчээ.
Монгол Улсын зах зээлд нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн 10 орчим хувийг дотоодоос хангадаг бол үлдсэн буюу ихэнх хэсгийг нь импортолдог. Гэтэл импортын эмүүдэд тавих хяналт сул, бүртгэл дутуу, хэлбэр төдий байна гэж Үндэсний аудитын газраас дүгнэжээ. Жишээ нь, Хүний эмийн зөвлөлөөс 2018-2020 онд 1124 эмийг улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. Гэтэл түүнээс 95-ынх нь мэдээллийг цахим системд оруулагүй. Түүнчлэн эмнэл зүйн судалгааных нь үр дүнг харгалзалгүйгээр 277 эмийг бүртгэсэн аж. Үүний зэрэгцээ импортлогч байгууллагууд ч эмийн аюулгүй байдлын тайланг бүрэн ирүүлдэггүй зөрчил илрүүлсэн гэв. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд оруулсан гэх эмүүдийн чанар, аюулгүй байдлыг албаныхан, импортлогч байгууллагынхан ч бүрэн хянадаггүй бөгөөд монголчууд баталгаатай бэлдмэл хэрэглэдэг, эсэх нь тодорхойгүй, эрсдэлтэй байна гэсэн үг юм.
Бэлтгэсэн М.Оч