Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, түүний даалгавраар мэдээлэл дамжуулж байсан хэрэгт холбогдсон хүмүүсийг дахин шалгуулах тогтоолыг анхан болон давж заалдах шатны шүүх гаргалаа. Манай улсын иргэн Б.Эрдэнэзул, Д.Алтанцэцэг, БНХАУ-ын иргэн Бао Гуожун нарын үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгасан юм. Улмаар ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. НПГ-аас Б.Эрдэнэзул, Д.Алтанцэцэг нарт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин өмнөд хөршийн иргэн Бао Гуожунд мөн хуулийн 19.10-1 дэх хэсгийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт бичиж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Анхан шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасан гэнэ. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар бус, өөр үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж дүгнэж, НПГ-ын хяналтын прокурорт буцаав.
Бэлтгэсэн Г.Равжаа