Жил бүрийн гуравдугаар сарын 3-нд тохиодог Байгалийн амьтан, ургамал хамгаалах дэлхийн өдрөөр байгаль хамгаалагчдад тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. БОАЖЯ, ХНХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Сэргээн босголт, зээлийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй “Бид байгаль хамгаалагчид” чуулганы эхний өдөр тус мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах асуудлыг голчлон хөндөж, энэ талаар илтгэл хэлэлцүүлсэн бол өнөөдөр байгаль хамгаалагчдын оролцоо сэдвээр үргэлжлэх нь. Эл чуулганд 21 аймаг, 121 тусгай хамгаалалттай газар, байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож буй юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, амьжиргааг дэмжих, мэдлэг, чадавхыг сайжруулах, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлийн бүх асуудлыг тусгасан хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна. Үүнийг БОАЖЯ, ХНХЯ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн ажлын байрны нөхцөлийг үнэлэх судалгааг бүсчлэн хийх, түүнийг сайжруулах хууль зүйн үндэслэл боловсруулах зөвлөх баг Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран ажиллаж буй” гэсэн бол ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Байгаль хамгаалагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлснээр тэдэнд тавих шаардлага мөн өндөрсөнө. Энэ ажлыг төрийн албаны өндөр шаардлага хангасан нэгэн бус, байгальд хайртай хүн хийдэг. Үүнээс болоод олон байгаль хамгаалагч ажилгүй болох вий гэж болгоомжилж байна. Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар байгаль хамгаалагчид шөнийн цагаар болон хөдөө хээр ажилласан үеийнхээ нэмэгдэл цалинг авах боломжтой болсон” хэмээн ярив.
Бэлтгэсэн Ж.Мишээл