21 аймаг, тусгай хамгаалалттай 121 газар, нийслэл, аймаг, дүүргийн Байгаль орчны газар болон байгаль орчны ТББ-ын нийт 1016 төлөөлөгч, байгаль хамгаалагчид өнөөдөр Төрийн ордонд чуулж байна.
Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж ажилладаг.
Мөн газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэд хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч, ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг хүлээж ажиллахаар болж байна.
"Бид байгаль хамгаалагчид" үндэсний чуулганы хүрээнд аймгаас ирсэн Хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчид санал бодлоо хуваалцаж байна. Энэ үеэр "Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж байгаа байгаль хамгаалагч нарын төсөв байгалийг нөхөн сэргээх, эмчлэх ажилд зарцуулагдахгүй байна" гэдгийг хэлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү илгээлтийг уншиж танилцууллаа. Ингэхдээ "Байгаль орчноо хамгаалах нэр хүндтэй үйлсэд мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулж байгаа байгаль хамгаалагч нартаа баярлалаа" хэмээн дамжуулж, тэдэнд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга: Бид байгалиа хамгаалъя гэж байгаа бол байгаль хамгаалагчдын асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой" хэмээв.