ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)- ийн гишүүн орнуудын уулзалт болохоос урьтаж баррель газрын тосны ханш 110 ам.доллар давсан тухай “Bloomberg” мэдээллээ. Лондон, Нью-Йоркийн биржид уг таваарын фьючерс ханш өссөн бөгөөд WTI маркийнх гэхэд 2013 оноос хойших дээд түвшиндээ хүрчээ. Тухайлбал, Лондоны металлын биржид ирэх тавдугаар сард худалдах “Brent” маркийн нефтийн ханш 6.4 хувиар дээшилж, баррель нь 111.6 ам.доллартой тэнцсэн аж. Мөн ирэх сард нийлүүлэх WTI төрлийн нефтийнх дээрхтэй адил хувиар өссөнөөр 110.02 “ногоон”-д хүрчээ.
ОХУ-ын экспортын нөхцөл байдал “хар алт”-ны ханшид цаашид нөлөөлнө гэж зарим шинжээч тэмдэглэсэн байна. Тэгвэл зарим эх сурвалж ОПЕК-ийн гишүүн орнууд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дөрөвдүгээр сард 400 мянган баррелиар өсгөх шийдвэр гаргаж магадгүй хэмээснийг “Guardian” эш татав. Ташрамд дурдахад, манай улсын хэмжээнд өнгөрсөн сарын 28-ны байдлаар АИ-92 автобензиний 56 133 тонн буюу 42 хоногийн нөөцтэй байсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээллээ.
Түүнчлэн ОХУ-ын “Роснефть” компани дараагийн гурван сард нийлүүлэх шатахууны гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, уг бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учрахгүйг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Мөн шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл ямар нэгэн саад гарахгүй хэмээв.
Бэлтгэсэн Ц.Ундрал