УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд "Зүрх мартахгүй" төслийнхэн Эрдэнэт хотод ажиллах болсонтой холбоотойгоор "Уг ажил нь Эрдэнэтийн хүү ТББ-ын санаачилга, УИХ-ын гишүүн Д.Батлут миний Ажлын алба, ЗДТГ, ББ сан, Шинэ Эрин Мед эмнэлгийн дэмжлэгээр явагдаж буй. Санаачлагч, дэмжигч байгууллагууд болон “Зүрх мартахгүй” төслийн эмч нартаа Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс талархаж байна" хэмээн бичжээ. Харин төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч үүнд ихэд дургүйцэв. Улмаар түүний бичсэнийг зурган болгон тавьж "Энэ юу вэ. Энэ Д.Батлут мут падлийгүй шүү. Хаанаас гарч ирээд наалдчихав аа?" хэмээн дургүйцлээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Батлут бусдын босгосон байшинг будчихаад энэ бол миний хийсэн ажил хэмээн худал ярьсаныг тэрбээр ил шулуун хэлэв.
Өмнө нь УИХ-ын гишүүдийн зарим нь дээрхтэй адил увайгүй үйлдэл гаргаж байсан удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "ИД ШИДИЙН ОРОН" ТББ-аас "MAGIC BOX" номны сангийн төсөл Тонхил суманд зохион байгуулсныг тус суманд 2022 онд батлагдсан улсын төсвийн мэдээлэлтэй хамт оруулж, өөрийн хийсэн ажил мэтээр харагдуулахыг оролдсон удаатай. Улмаар төслийг баг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг төсөлтэй хамаагүй хэмээн мэдэгдэж байсан билээ.