Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймагт аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахаар тусгасан.
Мөн Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 2021-2024 онд 100 отоглох цэг байгуулахаар заасан. Үүний дагуу энэ онд 12 аймгийн 17 байршил нутагт отоглох цэг байгуулахаар худалдан авах ажиллагааг БОАЖЯ зарлаад байна. Тодруулбал энэ онд:
- Булган аймгийн Баян-Агт сум-Хануй голын рашаан,
- мөн аймгийн Рашаант сум- Элсэн тасархай,
- Архангай аймгийн Өгий нуур сум- Өгий нуур,
- мөн аймгийн Тариат сум- Тэрхийн цагаан нуур,
- Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сум- Хоног цол,
- Дорнод аймгийн Халх гол сум- Буйр нуур,
- Хэнтий аймгийн Баян-Овоо сум- Гүрмийн нуур,
- Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд,
- Завханы Нөмрөг сум- Тэлмэн нуур,
- мөн аймгийн Эрдэнэ хайран сум- Улаагчны хар нуур,
- Говь-Алтайн Цогт сум- Ээж хайрхан уул,
- Баянхонгорын Богд сум – Цонж,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сум- Ёлын ам,
- мөн аймгийн Сэрвэй сум- Дуут манхан,
- Дундговийн Өлзийт сум- Цагаан суварга,
- мөн аймгийн Гурван сайхан сум- Их газрын чулуу,
- Дорноговь аймгийн Өргөн сум- Хамрын хийд гэсэн аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон жуулчдын бусад гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглон хоноглох цэгийг байгуулна. Улсын төсвийн хөрөнгөөр барих отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд, автомашины зогсоол, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, майхан барих талбай, ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч, ил гал түлэх зориулалтын цэг, шорлог хийх зуух, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч, гэрэлтүүлэг шон, спорт талбай, явган хүний зас, нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ.
Дээрх жишгээр 2020 онд улсын төсөв болон KFW төслөөр нийт 16, өнгөрсөн онд жуулчдад мэдээлэл өгөх 6 отоглох цэг байгуулжээ.
Эх сурвалж: БОАЖЯ