“Альфа доктор мед” ХХК, БНСУ-ын “Жидакс” ХК хамтран байгуулсан “Их бараат” лабораторийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү лаборатори нь коронавирусийг богино хугацаанд буюу 15-45 минутад оношилж илрүүлэх чадамжтай дэвшилт технологийг нутагшуулснаараа давуу талтай юм. Манай улсад коронавирусийн PCR шинжилгээ авч буй эмнэлэг, лабораториуд ачааллаасаа шалтгаалаад 24-72 цагийн дотор хариу гаргадаг. Энэ нь иргэдэд ихээхэн төвөг чирэгдэл учруулдаг бөгөөд шинжилгээний хариу хүлээх зуур халдвар авах, вирусээр өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, хугацаа алдах зэрэг олон талаар эрсдэл учруулдаг байв. Тэгвэл “Их бараат” лаборатори PCR шинжилгээний хариуг нэг цаг хүрэхгүй хугацаанд буюу 45 минутад, түргэвчилсэн шинжилгээнийхийг 15 минутад гаргах боломж бүрдүүллээ. Тэрчлэн 50 гаруй өвчин, зарим төрлийн хорт хавдрыг оношлох чадамжтай, био чипэд суурилсан аппаратууд нэвтрүүлжээ.
Нээлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулагч “Жидакс” ХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жон Ху хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр “Манай лаборатори БНСУ-ын биотехнологид суурилсан, коронавирусийн PCR шинжилгээний хамгийн сүүлийн үеийн аппаратыг нэвтрүүлснээрээ онцлог. Эл аппаратыг одоогийн байдлаар ХБНГУ, АНЭУ, АНУ зэрэг 20 гаруй оронд ашиглаж байна. Био шинжилгээний шинэ технологи бүхий лаборатори нээхэд тусалж дэмжсэн Монголын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагынханд талархсанаа илэрхийлье. Бид монголчуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг зорьж буй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол “Альфа доктор мед” компанийн гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг төхөөрөмжүүдийг “Жидакс” ХК-ийн хөрөнгө оруулалтаар, улсынхаа хууль, журмын хүрээнд, салбарынхаа сайдын тушаалын дагуу бүртгэлжүүлж лабораторидоо нэвтрүүллээ. Энэ ажилд сүүлийн нэг жил гаруйн хугацааг зарцуулсан. Манай лаборатори суурин болон зөөврийн байдлаар ажиллах боломжтой. Аж ахуйн нэгж, албан байгууллагуудад дуудлагаар очиж шинжилгээ авч, богино хугацаанд хариуг нь гаргана. Мөн халдвар хамгааллын онцгой дэглэмт бүсэд тооцогддог хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулах бололцоотой. Жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр шинжилгээ авч, хариуг нь богино хугацаанд гаргахын зэрэгцээ ачаа тээврийг ариутгана. Ийм цогц үйлчилгээг боомтуудад нэвтрүүлснээр эдийн засагт ч, цаг хугацаанд ч хэмнэлттэй. Хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилнө, ачаа тээврийн эргэлтэд ч сайнаар нөлөөлнө. Тиймээс бид био чипэд суурилсан төхөөрөмжүүдийг боомтуудад байршуулан ашиглах төсөл санаачилж, ТЭЗҮ боловсруулж байна” гэсэн юм.
Харин “Амар мед” эмнэлгийн захирал, “Альфа доктор мед” компанийн зөвлөх Н.Ганхуяг “Энд нэвтрүүлсэн аппаратууд Монголд хамгийн хэрэгтэй, ашигтай. 16 хүнийг нэгэн зэрэг шинжилж, богино хугацаанд халдвартай, эсэхийг оношилно гэдэг том давуу тал. Авсаархан учраас хаана ч ашиглах боломжтой. Коронавирусийг зарим шинжилгээгээр илрүүлж чаддаггүй. Тэгвэл энэ аппаратын илрүүлэх чадамж маш өндөр. Коронавирусээр халдварласан уу, томуугаар өвчилсөн үү гэдгийг ч ялгадаг. Мөн хорт хавдрыг оношилж, аль үедээ байгааг нь тогтоодог, цүнхэнд багтахаар хэмжээний төхөөрөмж ч байна. Энэ нь одоогоор дөрвөн төрлийн хавдрыг (чипний тусламжтайгаар) илрүүлэх боломжтой. Цаашид төрөлжүүлж, илүү олон төрлийн хавдрыг илрүүлдэг болно” хэмээн ярилаа.