Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийгээд ирсэн.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, хоёр улсын хооронд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримтуудыг уялдуулах зэргээр өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж харилцан ойлголцолд хүрлээ.Тухайлбал, хилийн боомтуудыг бэхжүүлэх, зэсийн баяжмал нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнээ хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжих, мод тарих, экологийн чиглэлд цөлжилттэй тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, эдийн засгийн гурвалсан коридорын асуудлыг хэлэлцэх, Хятадад сурч буй оюутнуудын асуудлыг шат дараатай шийдвэрлэх, дараагийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
БНХАУ-аас манай улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж, томоохон төслүүдэд хамтран ажиллах уулзалтыг ойрын хугацаанд дэлгэрэнгүй хийхээр болсон.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангана. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн” гэлээ.