Энэхүү дээл нь торго, даалимба, хоргой, өнгийн туузыг өнгө хоршуулан урласан XIX-XX зууны эхэн үеийн дээл юм.
Улбар шар өнгийн торгон гадартай, цэнхэр даалимбан дотортой, түнтгэр мөртэй, цайвар өнгийн нудрагатай эхнэр дээл. Дээлийн энгэр, ташаа, хормой, ханцуйн хоёр тал зэргийг цэцэг хуар бүхий хар ягаан торгоор нарийн тасамдан, гадуур нь хоргойгоор өргөн эмжиж, цэцэг,алхан хээтэй ягаан торгон туузаар давхар хошоо татаж гоёжээ. Дээлийн захыг ердийн дээлээс нэлээд өндөр 7,8 см хийж улаан торгоор дээгүүр нь өргөн дан, хар эрээн хоргойгоор доогуур нь нарийхан эмжсэн байна.
Халх эхнэрүүд түнтгэр мөртэй, нарийн хийцтэй эхнэр дээл өмсөнө. Энэ үеийн халх эхнэр дээл нь ёслолын, гоёлын, өдөр тутмын зэрэг олон төрөл байв. Эхнэр дээлийн гадуур ууж заавал өмсөдөг байна.