Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИНЕГ, МИАТ ТӨХК компанид ажиллах үеэр МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын ажилтнуудтай уулзлаа.
Т.Аюуш даргатай Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Монгол инженерүүд монголдоо олон улсын онгоцны засвар үйлчилгээг хийж байгаад сайдын зүгээс онцгойлон баяр хүргэж амжилт хүсэв.
Тус техник үйлчилгээний ажилтнууд 2021 оны 10 дугаар сараас хойш 2 дахь олон улсын онгоцны засвар үйлчилгээг хийж буй.
Энэ нь нэгдүгээр сарын 18-28-ны хооронд 11 хоногийн хугацаанд нийт 1800 хүн-цагийн ажил зарцуулах томоохон хэмжээний ажил ажээ.