Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Баянгийн уул хэмээх газраас хөлдөө шархтай янгир олдсон талаар тус сумын иргэн Г.Мандах мэдээллээ. Тэрбээр шархадсан янгиртай уржигдар шөнө таарсан бөгөөд өвс, тэжээл өгч, өвчин намдаах тариа хийсэн байна. Эл амьтныг хашаандаа аваачиж, асарч, тэнхрүүлэх гэтэл ойролцоох айлынх нь хүмүүс эсэргүүцсэн гэнэ. Г.Мандах “Би экологич мэргэжилтэй, өмнө нь сумынхаа байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан. Өнгөрсөн шөнө (уржигдар) сумаас хот руу явах үедээ эл амьтантай таарсан. Шархадсаны улмаас босож чадахаа байсан, тэнхээ нь барагдсан, даарсан харагдсан. Гэртээ хүргэж, асаръя гэхэд ойролцоох айлынх нь хүмүүс эсэргүүцсэн тул байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдээлээд, явсан. Буцах замдаа үзье гээд хотоос эм, тариа базаагаад байж байтал өнөөх аргаль үхсэн гэнэ. “Портер”-той, үл таних хүмүүс ачаад явсан тухай мэдээлэл ирлээ. Тэр хавийн айлынхан “Чоно, нохойд бариулсан юм байлгүй” гэсэн. Уулын амьтан айлын ойролцоо, ялангуяа замын хажууд нохойд бариулах учиргүй. Хулгайн анчдад буудуулснаас зайлахгүй. Шархыг нь харахад андашгүй байна лээ. Манай нутагт сүүлийн үед буун дуу тасрахаа байсан. Хөөрхий аргаль тэнд хоёр хоног ийм байдалтай хэвтсэн юм билээ. Гэтэл малчдын нэг нь ч өвс, ус дөхүүлж, холбогдох хүмүүст мэдээлээгүй” гэсэн юм.
Баян-Өнжүүл сумын байгаль орчны хяналтын улсын бай цаагч Н.Намжилмаатай өчигдөр 17.00 цагийн үед холбогдож, энэ талаар тодруулахад “Бид иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн газарт очиход аргаль байгаагүй. Тэндхийн малчдын хэлснээр байгалийнхаа жамаар хөгширч, туйлдсан янгир байсан гэнэ. Дахиад тийшээ явах гэж байна. Амьд, эсэхийг мэдэхгүй. Баттай мэдээлэл алга” гэв.