Хустайн байгалийн цогцолборт газрынхан нийслэлчүүдийг хотын утаа, түгжрэлээс ангид, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэхийг уриаллаа. Тус хамт олон цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой байлгах, олон нийтэд сурталчлах зорилгоор зэрлэг амьтан ажиглах аяллын хөтөлбөрийг өнгөрсөн жил санаачилсан. Өмнө нь долоо хоногт нэг удаа ийм аялал зохион байгуулдаг байсан бол одооноос тогтмолжуулж, өдөр бүр жуулчид хүлээж авахаар шийджээ.
Тэд аялагчдад зориулан таван төрлийн, гэр бүлийн багц гаргасан байна. 3-7 ам бүл бүхий гэр бүлийг өдрийн 549 000-917 000 мянган төгрөгрөөр аялалд хамруулах нь. Өдрийн гурван хоол, байрлах гэр, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамж, тахь, буга, цагаан зээр ажиглах мэргэжлийн судлаачтай аяллын төлбөр үүнд багтжээ. Тэрчлэн биологичид хүүхэд, залууст экологийн боловсрол олгох хичээл зааж, баримтат кино үзүүлэх юм байна.