Дорноговь аймгийн Улаанбадрах сумд найман хөлтэй ишиг төрсөн гэсэн мэдээлэл тархсантай холбогдуулан ШУА-ийн ерөнхийлөгч тухайн газарт байгаль орчны суурь судалгаа хийлгүүлэх зорилгоор өнгөрсөн онд ажлын хэсэг байгуулсан. Газар зүй, геологи, гидрогеологийн салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийнхэн хүхрийн хүчил ашиглан, газар доорх уусгалтын аргаар олборлолт хийхээр төлөвлөж буй, “Бадрах энержи” компанийн талбайг сонгож, ойр орчмынх нь газарт судалгаа хийсэн талаараа өчигдөр мэдээллээ.
Хүнд металл болон цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоох зорилгоор талбайн ойролцоох 500 метр газрыг торлож, мөн өмнө нь энэ чиглэлийн судалгаанд хамруулсан 62 цэгээс дээж авч, шинжлэхэд бүгдээс нь хүнцэл илэрчээ. Тодруулбал, хоёр цэгт хүнцлийн агууламж стандартаас их, бусдад нь хэвийн түвшинд байсан гэнэ. Үүнээс үндэслээд судлаачид тухайн бүсийг геологийн тогтцын хувьд ихээхэн онцлог, хүнцлийн агууламж бүхий эрдсээр баялаг гэж дүгнэжээ. Хөрсөн дэх уран, тори, кали зэрэг байгалийн цацраг идэвхт бодисын агууламжийг судлахад ураных дэлхийн дунджаас хоёр дахин бага, калийнх гурав дахин их гарчээ.
Олборлолтын талбайн ойролцоо хэсгийн гүний усны бүтэц, найрлагыг шинжлэхэд эрдэсжилтийн түвшин маш их, хлор, фтор, ураны агууламж өндөр, хүнцэл, сульфатынх ундны усны стандартын зөвшөөрөгдөх хэмжээг ялимгүй давсан гэж дурдав. Өдгөө малчид ашиглаж буй 18 худгийн усыг “шалгахад” 90 хувьд нь хүнцэл, 12-т нь фтор, 10-т нь натри, долоод нь уран, гуравт нь хлор, сульфат, магнийн агууламж өндөр байжээ. Эндээс “Газар зүйн онцлог, геологийн тогтцоос хамаараад хөрсний болон гүний усан дахь зарим бодисын агууламж өнд өр байна. Малчдын ундаалдаг худаг, олборлолтын талбай орчмын ус хоорондоо хамааралгүй учраас нэг нь нөгөөгийнхөө чанар, нөөцөд нөлөөлөх боломжгүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Тэрчлэн малчдын хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, сүүнээс авсан дээжийг шинжлэхэд ямар нэг ноцтой өөрчлөлт илрээгүй гэнэ. Монгол болон Европын Холбоо, ОХУ-д дагаж мөрдөж буй стандартын шаардлагыг хангаж байна гэж үзжээ.
Судлаачид хэвлэлийн хурлын төгсгөлд “Тухайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлж, судалсны үндсэн дээр Улаанбадрах сумын Дулаан-Уул, Зөөвч-Овоон ордын ураныг газрын доорх уусгалтын аргаар олборлоход эрсдэлгүй гэж үзсэн” гэв.