УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Төсөлд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгажээ.
Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан юм. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгасан байна.