Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллогыг арванхоёрдугаар сарын 7-ноос 17-нд улс, орон даяар зохион байгуулжээ. Мал аж ахуй нь Монгол орны амьжиргааны гол эх үүсвэр болсон анхдагч үйлдвэрлэлийн салбар байсны хувьд бүртгэл, статистикийн ажил ч энэ салбараас эхлэн хөгжсөн түүхтэй. Мал тооллогыг зун, намрын улиралд буюу ихэвчлэн 8, 9 дүгээр сард явуулж байсан бол 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст арванхоёрдугаар сард тоолдог болсон.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эцэст хэчнээн мал сүрэг тоологдсоныг онцлон хүргэе. Энэ жил 67.3 сая толгой мал тоологджээ. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын мэдээлснээр, нийт малын тоо өмнөх оныхоос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр:
- 4.3 сая адуу,
- 5 сая үхэр,
- 453.8 мянган тэмээ,
- 31.1 сая хонь,
- 26.5 сая ямаа тоологдлоо.
Нийт мал сүрэгт:
- Хонь 46.2 хувийг
- Ямаа 39.3 хувь
- Адуу 6.4 хувь
- Үхэр 7.5 хувь
- Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.
Өмнөх оныхтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн олон малтай байна.
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан аж. Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.