Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны хуралдааны “Их Хуралдай” танхимд боллоо. Ойн баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын гишүүдийн 76.3 хувь нь хүрэлцэн иржээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд оролцов. Мөн гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн байгууллагуудын тэргүүн нар, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд хүндэтгэлийн хуралдаанд цахимаар оролцлоо.
Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Монголчууд арван тавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 399 дүгээр зарлиг гаргаж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл зарлигыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулж, түүхт ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан байдаг.