Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2021 онд байгаль хамгааллын чиглэлээр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө үр дүнг танилцууллаа. Аргаль, бөхөн, цоохор ирвэс зэрэг ховор амьтны тоо толгой өссөн нь хамгийн таатай, онцгой үйл явдал байсныг онцлов. Судлаачид энэ жил хийсэн судалгааны үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга, хилийн бүс дэх аргаль 4100 орчим, цоохор ирвэс 950 болж өссөнийг тогтоожээ. Байгаль хамгааллын чиглэлээр хийсэн ажлуудаас бөхөнгийн тархац нутгийг хамгаалалтад авсан үйл явдлыг онцлов. Судлаачид бөхөн идэвхтэй нутагладаг, нүүдлийн зам, шилжилт хөдөлгөөний гол коридор болсон 12 000 км газар бий гэж үнэлсэн байдаг. Тэгвэл энэ онд үүний гуравны нэгтэй тэнцэх хэсэг буюу 32 мянган га-г орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрээр тусгай хамгаалалтад авсан байна. Тодруулбал, Завхан, Говь-Алтай аймгийн заагт орших Завхан гол дагуух бөхөнгийн тархац нутгийг хамгаалалтад авчээ.