Энэ жил улсын хэмжээнд тариаланчид 605 мянган тонн үр тариа хураан авчээ. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт буюу сүүлийн 30 жилд аваагүй их ургац юм. Түүнчлэн энэ жилийн ургац хураалтын дүнг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үр тариа 173 мянган тонноор, улаанбуудай 156 мянган тонноор ахиу дүнтэй гарсан байна.
Тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүн, цаг агаарын нөхцөл байдал нь ийм хэмжээний ургац хураан авахад нөлөөлсөн. Нөгөө талдаа төрийн зүгээс хаврын тариалалт, тариаланчдад чамгүй олон дэмжлэг үзүүлсний үр дүн ч ийнхүү гарч байна. Эдгээр дэмжлэгийн нэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл юм. Засгийн газраас энэ оны хоёрдугаар сард баталсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээл”-ийг олгохоор тусгасан. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид жилийн 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдсэн юм.
Хаврын тариалалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлэнд өнөөдрийн байдлаар 629 зээлдэгч хамрагдаж, 43.3 тэрбум төгрөгийн зээл авсан авсан талаар албаныхан мэдээллээ.
Хөдөө аж ахуйг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй уг зээл нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй бөгөөд хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газраас хариуцсан нь газар тариалангийн үйлдвэрлэлд ийнхүү томоохон дэмжлэг болсон байна.