Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 200-250 км тутам, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлж байна.
Үйлчилгээний цогцолборууд нь A /өдөрт 10 мянгаас дээш машины хөдөлгөөний эрчимтэй/, B /өдөрт 5-10 мянган машины хөдөлгөөний эрчимтэй/, C /өдөрт 5 мянга хүртэлх машины хөдөлгөөний эрчимтэй/ гэсэн гурван ангилалтай байх аж. Эхний ээлжид аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 39 орчим байршилд үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйлчилгээний цогцолборууд нь зорчигч, жуулчдын тав тухтай, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд орон нутаг, хот хоорондын зорчигч тээвэр, ачаа тээврийн албан ёсны буудлууд болж, мөн аялал жуулчлалын тээврийн үйлчилгээ төвлөрөх давуу талтай юм. Ингэхдээ аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух батлагдсан байршилд холбогдох стандартын дагуу үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах аж. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор, хамтарч дээрх зорилтоо биелүүлэх аж. Улмаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас сонгон шалгаруулалт явуулах юм байна.