Улаанбаатарын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачаалал 2-3 дахин хэтэрсэн, өөр газрыг дахин ийм зориулалтаар ашиглахад байгаль орчинд ихээхэн хохиролтой тул хаягдлыг бүрэн шатааж, устгах үйлдвэр барих шаардлагатай гэж нийслэлийн Засаг дарга мэдээлсэн. Тэгвэл Орхон аймагт ч үүнтэй адил асуудал тулгарчээ. Тус аймгийн төвлөрсөн хогийн цэг болох Алтан булагийн толгойн даац хоёр дахин хэтэрч, талбайн хэмжээ нь анх төлөвлөснөөс 100 орчим га-гаар тэлжээ. Хуримтлагдсан хогны хэмжээ таван сая шоо метрт хүрсэн байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол орчны бохирдол гаарч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөнө гэж судлаачид дүгнэжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Орхон аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих богино хугацааны, 100 сая төгрөгийн санхүүжилттэй, туршилтын хоёр төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тус аймагт хог боловсруулах гурван үйлдвэр байдаг ч тэдгээрт дахивар нийлүүлдэг иргэн, аж ахуйн нэгж үгүй гэнэ. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй байна. Тэгвэл дээрх хоёр төслийн гол зорилго нь дахин дахивар нийлүүлэгчдийг үйлдвэрүүдтэй холбох, иргэдийн хандлагыг өөрчлөх аж. Орхон аймаг 2022 онд хог тээвэрлэх, дахивар нийлүүлэх ажлыг эрчимжүүлж, сайжруулахад 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.