Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2021 оны ээлжит VII хуралдааныг эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, цахимаар хуралдуулав.
Хуралдаанаар улсын төсөв, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэсэн Эрчим хүчний яамны захиалгат долоон төслийг хэлэлцсэн байна.
Нийслэл, орон нутгийн дулаан хангамжийг найдваржуулах, хэрэглэгчдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, нийслэлийн Налайх, Багануур дүүргийн дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны дулааны эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хүрээнд “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай 220 кВ-ын шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл”, орчны агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор “Бүс нутгийн томоохон нүүрсний уурхайнуудыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл” зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.