Манай улсын хэмжээнд 2020 оны байдлаар газрын доорх усны мониторингийн 265 цэг ажиллаж байсны дийлэнх буюу 80 орчим хувь нь хагас автомат байв. Усны нөөц болон ашиглалтыг тогтвортой хянахын тулд тэдгээрийг бүрэн автоматжуулж, нэгдсэн сүлжээнд холбох шаардлагатай гэсэн асуудлыг УИХ-ын зарим гишүүн дэвшүүлж байсан. Тэгвэл өмнөх онд ажиллаж байсан болон энэ жил шинээр нээсэн 280 мониторингийн цэгийг бүгдийг нь нэгдсэн сүлжээнд холбож дууссан талаар Усны газраас мэдээллээ. Нэгдсэн сүлжээнд холбосноор газрын доорх усны ашиглалт, олборлолт, хэрэглээ, хур тунадасны хэмжээг нарийвчлан тогтоох, судлах боломж бүрдсэн төдийгүй сав газрын захиргаад нөөцөд тулгуурласан ашиглалтын горим мөрдүүлэх нөхцөл бий болжээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл