“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн сард зохион байгуулсан Ойн салбарын үндэсний чуулганы үеэр тус чиглэлийн мэргэжлийн холбоод хамтран нэгдэл байгуулсан юм. Тэрбум мод тарих санаачилгыг дэмжих, хэрэгжилтэд нь хяналт тавих, салбарын мэргэжилтэн, инженерүүдийн оролцоог хангах зорилготой тус нэгдэлд 18 байгууллагын төлөөлөл нэгдсэн. Тэдний 15 нь удирдах, гурав нь хяналтын зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэнэ.
Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдлийнхэн анхны хурлаа хийж, “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” төрийн бус байгууллагын захирал Д.Мөнхзоригийг тэргүүнээр сонгов. Харин гүйцэтгэх захирлаар Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Д.Өлзийбаярыг сонгосон байна. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд байгуулсан, ойн салбарынхны хоёр дахь томоохон нэгдэл болж буйг санаачлагчид онцлов.