Египетийн Ерөнхий сайд Эссам Шараф Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 12 сайдыг огцруулснаа мэ дэгдсэнийг АР дамжуулав. Сүүлийн сард египетчүүд тус улсын нийгэм, улс төрийн амьдралд өөрчлөлт хийхийг эрх баригчдаасаа шаардан жагсаал зохион байгуулсаар байгаа билээ.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак огцорч, засгийн эрх Цэргийн дээд зөвлөлд шилжсэнээс хойш эрх баригчид ард түмний төлөө дорвитой зүйл хийхгүй байна хэмээн тэд үзэж байгаа бөгөөд Тахрирын талбайд болсон жагсаал цуглааны үеэр хүний амь эрсэдсэн.
Олон нийтийн дургүйцлээс эмээсэн Ерөнхий сайд Засгийн газарт ийнхүү халаа сэлгээ хийж байна хэмээн ажиглагчид онцолжээ. Шинээр томилогдож буй сайд нарын дийлэнх нь Х.Мубаракийн Засгийн газарт ажиллаж байгаагүй “шинэ хүмүүс” аж. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг ойрын хугацаанд албан ёсоор олонд танилцуулах юм байна. Үүний зэрэгцээ Каирын төв талбайд жагссан хүмүүс эрх баригчид тэдний хүсэлтийг харгалзан үзэж,ойрын хугацаанд дорвитой өөрчлөлт хийхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэв.
Цалин нэмэх, нийгмийн хангамжийг сайжруулахаас гадна иргэний хэргийг цэргийн шүүхээр шүүхийг зогсоох зэрэг шаардлагыг ард түмэн эрх баригчдад тавьж буй юм. “Засгийн газар ард түмний хүсэлтийг харгалзан үзэж байгаа. Гэхдээ үймээн дэгдээх, улсын өмчид халдах зэрэг зүй бус үйлдэл гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж Эссам Шараф Египетийн төв телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Дашрамд хэлэхэд, тус улсын Парламентын шинэ бүрэлдэхүүн, шинэ Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль ирэх есдүгээр сард болно.