ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид доройтсон ойг технологийн тусламжтай тодорхойлох, сэргэн ургах чадавхыг нь үнэлэх судалгаа хийгээд буй. Тэгвэл технологид суурилсан ийм шийдлүүдийг ойн салбарт өргөнөөр ашиглах боломжийг нээх, сурталчлах зорилготой Донсати санаачилга сэдэвт эрдэм шинжилгээний цахим хурлыг Ойн судалгаа, хөгжлийн төв дээрх хүрээлэнтэй хамтран ирэх баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Донсати гэдэг нь доройтсон ойг нөхөн сэргээх, ашиглах технологи, инновац гэсэн үгийн товчлол юм байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан хийх гэж буй эл хуралд гадаад, дотоодын их, дээд сургууль, ойн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч 10 гаруй газрын судлаач, мэргэжилтнүүд оролцох нь. Онцлог нь эндээс гарсан шийдэл, технологийн аргачлалуудын тухай тусгасан, нэгдсэн үзэл баримтлал бүхий саналыг дээд шатны холбогдох байгууллагад хүргүүлэхээр тооцжээ.
Бэлтгэсэн Ж.Сувд