Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
УИХ өдгөөгөөс бараг жилийн өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга уг хуулийн нэлээд олон заалтад хориг тавьсан юм. Тэдгээрээс хууль тогтоогчид 56.5.1, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг л хүлээн авсан билээ. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-т “ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн ИТХ-д оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлагыг хангасан хүнийг тухайн ИТХ-д санал болгож болно” хэмээн заасан бол 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан буюу дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд ИТХ энэ хуулийн 56.5-д заасан журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ” гэж хуульчилжээ. Хэнийг Засаг даргаар томилмоор байгаагаа Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь ил тод илэрхийлэх эрх олгосноор орон нутгийг Засгийн газрын тэргүүн, тэр дундаа эрх баригч намын дарга атгах эрсдэлтэй, хараат бус байдлыг нь алдагдуулж, улстөржилтийг гааруулна гэх шүүмжлэлийг Ерөнхийлөгч төдийгүй олон нийт анхааруулж байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болох Засаг даргаа томилох ИТХ-ын эрхэд уг хуулиар халдаж, ард түмний сонгох, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхээс нь булаацалдлаа гэх үндэслэл хэлж байв. Үүнийг дээрх хуулийн төслийн хүрээнд залруулж буй хэрэг.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Алтанхуяг “Ардын намынхан орон нутгийн сонгуулийн үеэр намынхнаа айлгах гэж ийм заалт оруулж ирсэн юм билээ. Үндсэн хуулийг улайм цайм зөрчиж, ингэж “тоглож” болохгүй. Намынхаа дотоод зөрчлийг шийдэх гэж оролдохдоо Үндсэн хуультай харшлах арга хэрэглэсэн. Одоо засах гэж байгаа нь зөв” гэсэн бол гишүүн Н.Ганибал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлахдаа орон нутгийн бие даасан бөгөөд эдийн засгийн хараат бус байдал, өрсөлдөх чадвар үүгээр дээшилнэ гэж байсан ч хэвээрээ л байна. Сая ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг ажиглаж байхад ийм өөрчлөлт хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ, Орон нутгийн хөгжлийн сан дагасан хөрөнгө оруулалтын хуваарилалт муудсан. Ер нь хэдхэн эх үүсвэртэй энэ сангийн хөрөнгийг тэгшитгэх маягаар хувааж байгаа. Хоёрдугаарт, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргадаа хариуцлага тооцох тухайд бүрхэг зохицуулалт энэ хуульд оруулсан” хэмээгээд эл төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн талаар өөр саналтай гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Мөн энэ өдөр Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үүнийг өнгөрсөн сарын 19-нд хэлэлцэж байсан ч ажлын цаг дууссан тул ийн үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 41 томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төсөлд “кибер орон зай” гэж интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар” гэсэн агуулгатай 4.1.2, “төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг хэлнэ” гэж 4.1.16-д заалт нэмэв.