БНСУ-ын дунд сургуулийн сурагчид бүлэглэн, Монгол охиныг зодож, ёс бусаар харилцсан асуудлыг манай улсын Гадаад харилцааны яамнаас тодруулжээ.
БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08.00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:
Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм.