“Оюутолгой” компаниас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа өчигдөр танилцуулав. Төсөл хэрэгжүүлснээс хойш 2021 он гарах хүртэл 6200 га газар эвдэрсэн тооцоо бий аж. Үүнээс одоогоор 1700 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн аж. Мод үржүүлж, ургамалжуулах ажлын хүрээнд 10 жилийн хугацаанд 914 000 тарьц суулгажээ. Түүнчлэн уурхайн хотхоны ажилчдын хоол, хүнсний хаягдлаар энэ жилээс бордоо хийн, нөхөн сэргээлтийн талбайдаа ашиглаж буйг дээрх компанийн Байгаль орчны хэлтсээс мэдээлэв. Үүнээс гадна байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах зорилгоор өдөрт 2540 шоо метр ус цэвэршүүлэн, дахин ашиглаж хэвшсэн нь нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулдаг усны дэлхийн дунджаас гурав дахин бага үзүүлэлт аж. Цаашид тус компанийнхан Монгол Улсад мөрдөгдөж хууль, журмын дагуу байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийсэн ажлуудаа хөндлөнгийн байгууллагуудаар хянуулдаг талаараа олон нийтэд мэдээлж, танилцуулах юм байна.
Бэлтгэсэн С.Дулам