Австралийн иргэн Дэвид Макмиллан Тайландын зард гарсан Клонгпрем шоронгоос оргож чадсан цор ганц гадаадын хүн гэгдэх болжээ. Тэрбээр бас дөрвөн улсын шоронд орж үзсэн гэж байгаа. Уг нь хар багаасаа тоо, торгонд умбаж өсөх тавилан түүнд заяасан аж. Эцэг нь Британийн телевизийн компанийн удирдлагын бүрэлдэхүүнд ордог, ээжийнх нь танилуудын дотор саятан олон. Макмиллан 12 настай байхаасаа телевизийн нэвтрүүлэг хөтөлж, томчуудаас дутахгүй мөнгө олдог байв. Гэвч ирээдүйд мөр бүтэн, гэдэс цатгалан явах төдий амьдарч байхыг тэрбээр хүсэхгүй байлаа. “Би зөрүүд, бүхнийг өөрийн санаснаар хийх гэдэг, адал явдалтай амьдрахыг хүсдэг хүүхэд байсан” гэж хожим нь ярьжээ. Адал явдал өөрөө түүнийг олсон гэлтэй. Коллежийн нэгдүгээр анги төгсөөд, ажилласан байсан театрт гэмт хэрэгтнүүдтэй холбоо сүлбээтэй охин ажилладаг байж. Тэр бүсгүй Макмилланыг хулгай хийдэг, мансууруулах бодис наймаалдаг найзтайгаа танилцуулав. Удалгүй Энэтхэгээс авчирсан хар тамхийг нь мань эр дамлан зардаг болсон байв. Эхний удаа “ачаагаа” хуучин радио хүлээн авагч дотор нуугаад ямар ч саадгүй хил нэвтрэв. Тэгэхэд сайхан сэтгэлтэй гаалийн ажилтан радиог савнаас нь гаргаж, яалт ч үгүй хар тамхины ургамал үнэртэж байхад иргэний үнэмлэхийг нь харснаа “Хүлээн авагчаа аваад явж үз, дахиад миний нүдэнд бүү үзэгдээрэй” гэв.
Үүнээс хойш Макмиллан хил гарч байнга хар тамхи зөөх болжээ. Түүгээр ч барахгүй зөөдөг “барааны” чанар ч дээшилж, хуурамч паспортуудтай ч болж, ийм ажил хийдэг хүнд хэрэг болох танил тал ч олноор нэмэгдэв. Дамын наймаа түүнд зугаатай санагдах болжээ. Ингэж явахдаа барон хэргэмт Тони Мойнахантой танилцлаа. Тэр бол урьд нь лордуудын танхимын гишүүн байснаа буруу замаар орж луйварчин болсон, эрүүгийн хэргийн мөрдөн шалгагчдаас нуугдаж явдаг, ер бусын тавилантай нэгэн байлаа. Токиод тэрбээр Америкийн сэтгүүлч Эл Риккэтстэй хүүхнээс болж буу шийдэмдээ ч хүрсэн аж. Түүний хоёр дахь гэргий, Малайзын бүжигчин Ширин Беррийг сэтгүүлч шүүмжилсэн гэнэ. 1970-аад оны эхээр Мойнахан Филиппинд суурьшиж, янхны газар нээж, хар тамхины наймаанд “хүчээ сорьж” байжээ. Тэрбээр тахианы зодоон гэх наадмаар хамтарч мөнгө олохын тулд Манилд ирэхийг Макмилланаас хүсэв. Тэр хүн маш жижигхэн тэсрэх төхөөрөмжийг тахианы хүзүүнд бэхлээд тулаанд оруулах санал гаргажээ. Тэгээд ихээхэн мөнгө хожихын тулд өрсөлдөгчийнхөө тахианд бооцоо тавьж, тулаан ид байх үед тэсрэх төхөөрөмжийн цэнэгийг идэвхжүүлдэг аж. Энэ санаа эхлээд Макмилланы сонирхлыг татсан ч Мойнахан түүнийг мэхлэх гэж байгааг хүмүүсээс мэдэв. Тэгээд Австралидаа хоосон буцаж ирлээ. Гэхдээ л Манилын тахиагүйгээр мөнгөөр гачигдахгүй байлаа. Заримдаа мань эр гялгар уутанд дүүрэн мөнгө хийчихээд Мельбурний гудамжаар хэсүүчилж, хувцас хунар, цахилгаан хэрэгслээс эхлээд автомашин хүртэл худалдаж авна. Нэг удаагийн ийм үйлдэл нь түүнийг баллаж орхих нь тэр. 1930-аад онд үйлдвэрлэсэн “Вugatti” машиныг Калифорниас маш хямд авчирсан нь холбогдох хүмүүсийн анхаарлыг татаж, Макмилланыг мөнгө угааж байна уу хэмээн сэжиглэж, ажиглах болжээ. Утсыг нь чагнаад байгааг тэрбээр мэдсэн ч хариу арга хэмжээ ер авсангүй. Өөрийгөө буруу юм хийгээгүй гэж үзэж байлаа. Гэтэл эрх баригчид дэмий ажиглаж байгаагүй аж. Гурван жилийн дараа түүнийг баривчилж хориод, шүүхийн шийдвэр хүлээж суух болов. Шүүх хурлын үеэр Макмиллан зугтахыг оролдлоо. Филиппинд танилцсан тусгай зориулалтын албанд ажиллаж байсан нөхөр нь нисдэг тэргээр түүнийг шоронгоос оргуулж, Сиднейд машинаар хүргэж өгөхөөр тохиролцов. Тэнд хүлээж байгаа жижиг хөлөг онгоцоор Манилыг зорих байлаа. Макмиллан үүнд 250 сая фунт стерлинг зарсан аж. Гэвч хонзон өвөрлөж явсан Мойнахан энэ явдлыг шиншилж мэдээд цагдаа нарт хошуу хүргэжээ. Ийнхүү Макмиллан баривчлагдаж шоронд хүргэгдэв. Зургаан сар саатуулсны эцэст түүнд 17 жил хорих ял өгчээ.
Макмиллан 10 жил болоод 1993 онд нас нь 40 хүрч байхдаа суллагдав. Энэ үед түүнд нөгөө олон сая мөнгө, тансаг машин, Европ, Ази дахь үл хөдлөх хөрөнгө бүгд байхгүй, улс хураагаад авчихсан байлаа. Гэлээ ч алдсан бүхнээ эргүүлээд олоод авна гэх найдвар түүнд байв. Олон юм өөрчлөгдсөн, 1970-аад онд үр дүнд хүрч байсан аргаар хэнийг ч мэхэлж чадахгүй мэдэхгүй Макмиллан шоронгоос гараад даруйхан хуучин “ажлаа” хийхийг санаархав. Хуулийн байгууллагууд бүр эхнээс нь түүний явдал мөрийг ажиглаж байлаа. Хожим нь хуулийн ажилтнуудын ярьснаар бол түүнийг хар тамхи аваад хилийн чанад явахыг зориуд зөвшөөрч ч байжээ. Тэгэхдээ “Тайланд руу явуулахдаа түүнийг тэнд баригдаад дүүжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй” байсан аж. Үнэхээр ч Макмиллан Бангкокт очиж баригдаад Клонгпрем шорондоо орсон байна. Харин түүнийг дүүжилсэнгүй, тухайн үед Тайландад гадаадын иргэдэд цаазлах ял өгөхөө больсон байв. Тэгээд бүх насаар нь хорих ял оноожээ. Өрөөнүүд нь хөлдөө хүнд төмөр дөнгөтэй хоригдлуудаар дүүрч, уушгины сүрьеэ, ДОХ, халдварт шимэгч хаа сайгүй, шалан дээр унтаж, өдөр нь химийн хорт бодисоор бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрт ажиллана. Юухны ч төлөө харуулуудад юм уу, хоригдлуудад төлбөр төлнө. Энэ нь мөнгөөр гачигддаггүй Макмилланд харин ч аятайхан байсан аж. Мань хүн эхлээд шөнө гэрлээ асааж байх эрх худалдаж авав. Дараа нь 25 хоригдол хорьдог өрөөнд таван хүн байх тусгай байртай болж, цэвэрлэгч, хувийн тогооч хөлсөлж, чанартай материалаар хоолоо хийлгэн “ямбалав”. Энэ бүхэнд нэг сард ердөө 700 ам.доллар зарцуулна. “Би үүнийг хахууль гэж боддоггүй байсан. Шоронгийн харуулууд болохоор бидэнд тусалж байна гэж боддог, бид ийм маягаар талархлаа илэрхийлдэг байв” гэж Макмиллан дурссан байдаг. Оргох ажлыг бүтэлтэй болгоход гурван чухал юм байдаг нь эрх чөлөөтэй болох хүсэл, нууц хадгалах чадвар, тэгээд хамгийн гол нь найдвартай найз нөхөд аж. Тайландын шоронд ясаа тавих хүсэл мэдээж Макмилланд байсангүй, тэгээд ч гадаадын иргэдийг цаазлахгүй байх шийдвэр удалгүй цуцлагдах учраас энд амиа алдах нь бараг л зайлшгүй болоод байлаа. Тэгээд эндээс хүн оргож байсан, эсэхийг хоригдлуудаас асууж сонирхов. Тийм тохиолдлыг мэдэх хүн ер тааралдсангүй. Бүтэлгүй оролдлого бол зөндөө байж. Израилийн хар тамхи наймаалагч хоёр хоригдол шоронгоос ухаан зарж гараад дараа нь нуугдаж байхын тулд Бангкокийн нэг жижиг зочид буудлын эзний гарыг чамгүй цайлгасан байна. 10 мянган ам.долларыг нь авсан хэрнээ нөгөөх өөдгүй амьтан цагдаад ховлож орхиж. Тэр хоёр израилийг Клонгпрем шоронд буцаж ирэхээр нь хуягууд төмөр саваагаар цохиж, хөлийг нь хэд хэд хугалж, ясыг нь буруу бороолуулан тахир дутуу болгосныг Макмиллан өөрийн нүдээр харсан байна. Тэд одоо оргох нь битгий хэл арай гэж хөдөлдөг болжээ. Түүнийг буудах ял авсан хоригдлуудыг саатуулж байдаг Бангкванг гэдэг шорон руу шилжүүлэх гэж байгааг өмгөөлөгчөөсөө мэдсэн Макмиллан оргохоор шийдэв.
Үүнд маш нямбай, шаргуу бэлджээ. Хэрэг болох зүйлс цуглуулж, олдохгүй байсан төмрийн хөрөөг гаднаас найз нөхдөөсөө авч дөнгөлөө. Цонхны төмөр торыг хөрөөдөхөд тийм багаж хэрэгтэй байлаа. Нэг орой Макмиллан өрөөндөө орж ирээд тохиромжтой цаг өөр олдохгүйг ойлгож торыг хөрөөдөж эхлэв. Хамт хоригдож буй хүнтэйгээ шөнө нь хамжиж торонд гаргасан нүхээ томруулж, цонхоор гуравдугаар давхарт гарч, өөрийн бэлтгэсэн оосроор доош газарт буулаа.
Одоо шоронгийн үйлдвэрт хүрэх ёстой. Тэнд энгийн хувцас, устай лонх, наадаг лент, зузаан резинэн бээлий, хулсаар хийсэн дөрвөн саваа, Тайландын хааны хөрөгт зориулж хоригдлуудын урласан найман жааз байгаа. Энэ бүхэн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь Макмилланд хэрэг болно. Шөнийн 03.00 цагт үйлдвэрт хүрч очлоо. Зургийн жаазнуудыг хулсан саваанд бэхэлж хоёр ч шаттай болов. Өвдөөд үхдгийн даваан дээр очсон хоригдлуудыг аваачдаг эмнэлгийг үнэрээр нь баримжаалан харанхуйд явсаар зорьсон газартаа хүрэхэд нэгэнт гэрэл орсон байлаа. Цаашаа юу хийснээ Макмиллан янз бүрээр дүрсэлсэн байдаг. Нэг яриагаар нь бол нөгөө шатаараа гүүрэрхүү юм хийсэн гэдэг. Хуягуудын ашигладаг байсан гармыг олсон гэсэн нь ч бий. Ямар ч байсан тэрбээр нөгөө талд гарч чадсан аж. Макмиллан тэгээд авч явсан усаараа нүүрээ цэвэрлэж, хувцсаа сольж, резинэн бээлий өмслөө. Гадна талын ханыг цахилгаан гүйлгэсэн бүрээсгүй утсаар хамгаалсан байсныг давж гарахад бээлий тус болжээ. Ингээд харуулын цамхгийн хажуугаар өнгөрөх хэрэгтэй байлаа. Үүнд нөгөө шүхэр тус болно. Шүхэртэй хүнийг харуул төдийлөн сэжиглэхгүй. Хоригдлууд шүхэртэй явна гэж хол, тийм учраас түүнийг хуягуудын нэг юм уу, шоронгийн ажилтан гэж бодохоос, оргож яваа гэх бодол толгойд нь орохгүй. Хэдхэн минут өнгөрөхөд Макмиллан эрх чөлөөтэй болсон байлаа. Шорон руу сүүлчийн удаа хараад тэрбээр таксинд суув. Араас нь хөөж яваа хүмүүс байвал тэднийг төөрөгдүүлэхийн тулд замын хагаст ороод өөр машинд суув. Танилуудынхаа бэлэн болгосон хуурамч биеийн байцаалтыг аваад шууд нисэх онгоцны буудал зорьжээ.
Макмиллан хэдэн жил Пакистанд байж, мөн л хар тамхиа наймаалж байгаад баригдав. Пакистаны шоронгоос 1999 онд суллагдаад Англид очоод хэдэн жилийн дараа бас л шоронд оржээ. Энэ хугацаанд Тайландын эрх баригчид түүнийг шилжүүлж өгөхийг шаардахаа больсноос цаазын ялын аюулаас мултарлаа. Эндээс суллагдаад Макмиллан гэмт хэрэг хийхээ больж, намтраа бичиж байгаа аж. Одоо тэрбээр 65 настай, урьдын анд нөхдийн олонх нь хорвоог орхижээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант