Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэмээн буруутгагдаад байсан ОУВСгийн тэргүүн асан Доминик Стросс-Каныг гэрийн хорионоос сулласан билээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн гомдол гаргасан үйлчлэгч бүсгүй худлаа мэдүүлэг өгсөн нь тогтоогдсоны дараа Доминик Стросс-Канд холбогдох хэрэг задарч магадгүй болоод буй.
Тэрбээр саяхан Францын зохиолч, сэтгүүлч Тристан Баноныг өөрийг нь гүтгэсэн хэмээн гомдол гаргажээ. Доминик Стросс-Каныг баривчилсны дараа Тристан Банон 2002 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдсэн. “Түүний хэлж буй бүхэн улс төрийн зорилготой. Тэр миний нэр хүндийг унагаах гэж гүтгэж байна” хэмээн Доминик Стросс-Кан шүүхэд гаргасан өргөдөлдөө дурджээ.