Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан тусгай илтгэгч Рем Алсалемыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тусгай илтгэгч Рем Алсалем эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилт, хяналт, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд жендерт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан, тэдгээр нь олон улсад мөрдөж буй эрх зүйн орчинтой хэрхэн уялддаг талаар тодруулж, мэдээлэл солилцов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр УИХ хууль батлахаас гадна хэрэгжилтэд нь хяналт тавих, шалгах чиг үүргийг өргөтгөсөн. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг хэлэлцэх шатандаа явж байна. Удахгүй эцэслэн батална” гэлээ. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан, хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, хэрхэн үр өгөөжөө өгсөн талаар мэдээлэл солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд тэрбээр “Энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй. Хүний эрхийн төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэгч улс байхын төлөө ажиллаж байна. Бид ардчилал, шинэ Үндсэн хууль, зах зээлийн зарчмаар яваад 30 жил боллоо. Хүний эрхийн тухай хууль, тогтоомжид илүү ач холбогдол өгөхөөс гадна иргэн бүр хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүн хүнээ хайрладаг байх нийгэм бий болгож, өөрчлөхийн төлөө явж байна” хэмээлээ.
Бэлтгэсэн У.Наран