Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан асуултын хариуг хэлэлцэв. Уг асуултыг гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар тавьсан бөгөөд МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа. Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 137 дугаар тогтоолоор олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн ИНЕГ-т төлөх навигацын хуримтлагдсан өглөг болох 2.2, 2018 оны төрийн өмчийн ногдол ашгийн өглөг 7.3 тэрбум төгрөгийг чөлөөлүүлж, 2019 оны цэвэр ашгийн дүнгээс төрийн өмчийн ногдол ашиг хуваарилаагүй байна. Үүний хүрээнд Засгийн газар МИАТ хувьцаат компанид мөнгөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 2022-2023 онд Сөүл, Токио, Москва, Эрхүү, Бээжин, Хөх хот чиглэлийн нислэгийг тогтворжуулж, 2019 оны түвшинд хүргэх, Шанхай, АНУ-ын Сиэтл хотын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Агаарын тээврийн өнөөгийн нөхцөл, цар тахлын улмаас үүсээд буй санхүүгийн хүндрэл, тулгамдаж буй асуудлыг судлан тогтоож, үйл ажиллагаагаа сэргээн тогтворжуулах, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, санхүүгийн байдлыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, шатахуун хангамжийн гидрант системийг ашиглах, зардлыг зохицуулах талаар төрийн өмчийн “Эрчис Ойл” компанид хариуцуулан ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа гэв. Өнөөгийн байдлаар шатахуун хангамж, байгууламжийн ашиглалтыг ИНЕГ хариуцаж, энэ оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдалыг хариуцаж байгаа юм байна. МИАТ компанийн, Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөг болох 9.27 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн У.Наран