Монголын нийгэмд өнөөдөр тулгамдаж буй хамгийн хүнд бэрхшээл, зовлон бол авлига, хүнд суртал. Авлигаас үүдэж улс орны хөгжил урагшлахгүй, эдийн засаг ч дээрдэхгүй, үндэсний аюулгүй байдалд ч хор хохирол учруулсаар байгаа билээ. Авлига хэмээх нийгмийн хорт хавдартай ганц АТГ тэмцээд хүчрэхгүй, бүх нийтээрээ тэмцэж, хууль бус үйлдлийг илчлэн олон нийтэд мэдээлж байж үр дүн гарах нь дамжиггүй. Засгийн газрын хэмжээнд авлигатай хийх тэмцлээ өнгөрсөн зун эрчимтэй явуулж, өдгөө ч үргэлжлүүлсээр буй. Хууль сахиулах бүх байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн анхаарах болсон. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ынхан байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тохиолдуулан “Авлига-урьдчилан сэргийлэх, шалгах, хянан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт онол, практикийн бага хурал өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалгаж, шийдвэрлэх ажилд ахиц гаргах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын талаар бусад байгууллага, хуульчдын дуу хоолойг сонсох, олон улсын жишгийг судлах, сайн туршлага нэвтрүүлэх үүднээс эл хурлыг хийсэн юм. Энэ үеэр НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Б.Мөнх-Од, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, СЭЗИС-ийн ректорын болон Монголын банкны холбооны хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн нар авлигын гэмт хэрэгтэй холбоотой, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Оюунтунгалаг, УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Одонсүрэн, “Онч шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадас нар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар илтгэл тавьсан бол НПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Х.Батчимэг “Авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт шүүхээс хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага” судалгааны тайланг танилцуулсан юм.
“ЦАГААН ЗАХТНУУД”-ЫН ДОЛООН ХУВЬ НЬ ЯЛАА БИЕЧЛЭН ЭДЭЛЖЭЭ
“Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан 2020 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улс 35 оноо авч 111 дүгээр байрт жагссан байдаг. Энэ үзүүлэлт өмнөх оныхоос зургаан байраар ухарсан дүн бөгөөд үүнийг 100-гаас доош оруулах зорилттой ажлын хэсгийг Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд чамлахааргүй ажиллаж, төрийн байгууллагын доод, дунд шатнаас авхуулаад өндөр албан тушаал хашиж буй, авлига, хээл хахууль авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэж байгаа юм. Харамсалтай нь энэ ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй л болов уу. Учир нь хууль эрх зүйн орчин маань авлигачдыг өөгшүүлсэн мэт заалттай. Албан тушаалтнуудын холбогдсон цөөнгүй хэргийг шүүх дэнсэлж байгаа. Гэвч ихэнхэд нь торгох ял оноож буй нь харагддаг. Хорих ял шийтгүүлсэн нь цөөхөн. Хорих ял шийтгүүлсэн хэд нь түүнийгээ эдэлж байгаа нь гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болох, эсвэл ангийнхаа худгийн манаач, тогооч гэх мэтээр хөнгөн ажил хийж байгаад гарч ирдэг. Хулгайлсан, хахуульд авсан хөрөнгийг нь ар гэрийнхэн, анд нөхөд нь өсгөчихнө. Хэсэг хугацаанд гадаадад эмчлүүлж байна хэмээн аялж, зугаалж амарч ирээд хэлмэгдсэн, “шударга бусын хонгил”-д чирүүлсэн, өөрсдөө “энхийн цагаан тагтаа” байсан мэтээр төрийн албанд шургалдаг явдал гарч байгаа. Зарим нь эрүүгийн хэргээ шийдүүлэхийн оронд цахим сүлжээ ашиглан олон нийтийн хандалтыг өөртөө татаж, “Ардын баатар”-ыг “аавынд” суулгах гэж байгаа мэтээр үлгэр ярих болсон.
Уг нь хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Хуулийн энэ зорилгын хэрэгжилтийн статистикийг үзвэл авлигын гэмт хэрэгт холбогдогч албан тушаалтан цагаан захтнуудад дээр дурдсан хөнгөн ял оноож буйг батална. 2019 онд шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн албан тушаалтнуудын 61.5 хувьд нь торгох, 15.4-т нь хорих ял оноожээ. Хорих ял оноосон хүмүүсийн 52.5 хувийг нь 1-3 жилээр тэнсэн харгалзсан гэж тооцвол авлигын хэрэгт ял шийтгүүлсэн цагаан захтнуудын долоо орчим хувь нь эрүүгийн хариуцлагаа биечлэн эдэлсэн гэсэн тооцоо гарах нь. Харин тэдний хэд нь улсад учруулсан хохирол, төлбөрөө төлж барагдуулсныг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл албан тушаалтнуудын үйлдсэн нэг гэмт үйлдлийг тогтоохын тулд мөрдөгч, шинжээч, прокурорууд ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, зардал гаргадаг билээ дээ.
АЛБАН ТУШААЛТНУУДЫН УЧРУУЛСАН ХОР УРШИГ 4.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭМЖИГДЭНЭ
НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга, докторант Б.Мөнх-Одын тавьсан “Авлигын гэмт хэргийг бууруулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад учирч буй зарим хүндрэл бэрхшээл” илтгэлээс зарим тоо баримтыг хүргэе.
Прокурорын байгууллагаас 2019 онд авлигын 1022 хэрэгт хяналт тавьж, 83-ыг нь шүүхэд шилжүүлж байжээ. Харин 2020 онд энэ төрлийн 1082 хэрэгт хяналт тавьж, 462 хүнд холбогдох 173 хэрэг шүүхэд шилжүүлснээс 268 хүнд холбогдох 113 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна. Авлигын гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөгийн бодит хохирол учирсан бол энэ төрлийн хэргийн улмаас учирсан хор уршиг 4.5 их наядад хүрсэн аж. Нийтийн албан тушаалтан буюу төрийн алба болон татвар төлөгчдийн бий болгосон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг авлигын хэргийн 82.9 хувийг эзэлжээ. Уг нь УИХ, Засгийн газраас сүүлийн 15 жилийн хугацаанд авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар тэмцэж буй ч энэ төрлийн гэмт хэргийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Монгол Улсад авлигын гэмт хэргийг шалгадаг АТГ-ын 49 мөрдөгч, түүнд хяналт тавьдаг НПГ-ын 21 прокурор, аймгийн Прокурорын газруудын 81 хяналтын прокурор ажиллаж буй бөгөөд мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүртээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна” хэмээн онцолсон.
Мөн “Гэмт хэрэг үйлдэх арга нарийсаж, улс дамжсан хэлбэртэй болж байгаатай холбоотойгоор мөрдөгч, прокурорууд нотлох баримт цуглуулах арга барилаа өөрчилж, мэдүүлэгт тулгуурлаж хэргийг шийдвэрлэхээс илүүтэй банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтад тулгуурлах, мөнгөний урсгалыг хөөж шалгах шаардлага бий болж байна. Авлига, мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулалттай, хил дамнасан шинжтэй болж байгаатай холбоотойгоор хэргийг илрүүлэх, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг буцаан авах, нотлох ажиллагааг хийхийн тулд бусад улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай болж байгаа. Манай хууль хяналтын байгууллагаас бусад орны ижил төрлийн байгууллагатай мэдээлэл солилцох ажиллагаа шуурхай бус, хууль эрх зүйн орчин дутагдалтайгаас шалтгаалж алдагдсан эд хөрөнгийн байршлыг тогтоох, эргүүлэн авахад хүндрэл учирдаг. 2020 оны байдлаар гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар ОХУ, БНХАУ, Хонконг, Казахстан, АНУ, ХБНГУ гээд олон улс руу эрх зүйн туслалцааны 34 хүсэлт хүргүүлсэн ч энэ оны эхний таван сарын байдлаар долоохон хариу ирүүлсэн. Энэ нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашрахад хүргэж байна. Иймд хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээжээ.
Тэгэхээр Авлигатай тэмцэх Засгийн газрын ажлын хэсгийнхэн илүү үр дүнд хүрэхийн тулд хууль эрх зүйн орчноо эргэн харах, гадаад улсуудтай эрх зүйн талаар харилцан туслах гэрээгээр хүлээсэн үүргийг сануулах, гэрээгүй орнуудтай НҮБ-ын конвенцын дагуу хамтын ажиллагаагаа эрчимтэй явуулах нь чухал гэдэг нь хуульчдын тавьсан илтгэлүүдээс илэрхий болсны нэг жишээг дээрх байдлаар онцоллоо.