АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос эрэн сурвалжилж байсан хүнийг манай ЭЦА-ны ажилтнууд “Шангри-Ла” зочид буудлаас баривчилсан талаар бид мэдээлсэн. Түүнд холбогдох хэргийг хууль сахиулагчид шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн байна.
Үндэстэн дамнасан, Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, АНУ-ын харьяат Нансе Терри Ли (Nance Terry Lee) гэх, 65 настай эрийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сард дээрх зочид буудлаас саатуулсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг хураан авсан байдаг.
Тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан, хуурамч и-мэйлээр Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбоо тогтоож, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гээд төлөөлөгчийн итгэмжлэл хуурамчаар хийж, өнгөрсөн есдүгээр сард манай оронд ирсэн нь тогтоогдсон.
Ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очин эрх бүхий албан тушаалтных нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан гэдэг. Улмаар 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд шаардагдах 500 мянган ам.долларыг Монголын талаас нэхэмжилж, Хонконг дахь арилжааны банкны данс руу тав хоногийн дотор шилжүүлэхийг аж ахуйн нэгжийнхнээс шаардсан байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.3-т заасан эд хөрөнгө залилсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж.
Бэлтгэсэн Г.Равжаа