Беларусийн Тусгаар тогтнолын баярт зориулсан ёслол эсэргүүцлийн жагсаал, баривчилгаагүйгээр өнгөрсөнгүй. Энэ сарын 3-нд Минскт болсон баярын жагсаалын үеэр Ерөнхийлөгч А.Лукашенко ард түмэндээ хандаж үг хэлжээ. Төрийн тэргүүнийг үг хэлж байх үед цугласан хүмүүсийн зарим нь алга ташин, хөлөөрөө газар дэвсэлж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
“Facebook”, “Вконтакте” зэрэг нийгмийн сүлжээгээр урьдчилан тохиролцож жагссан хүмүүсийг цагдаа нар баривчилж, сэтгүүлчдийн дүрс бичлэгийн камер, зургийн аппаратыг хураан авсан тухай “РИА Новости” мэдээлжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн лхагва гаригт болсон энэ жагсаалын үеэр нийт 600 гаруй хүнийг баривчлаад байна. Тэднээс 200 гаруйд нь олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн эрүү үүсгэсэн аж.