Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг, Тахийн талд байрлах Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сумд шилжүүлэн, нэрийг нь Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болгож өөрчлөх тухай А/45 тоот тушаалыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнгөрсөн хавар гаргасан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртсэн юм. Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх нь татан буулгаснаас ялгаагүй, шинжлэх ухаанч бус, үндэслэлгүй шийдвэр хэмээн нутгийн иргэдээс эхлээд байгаль орчны салбарынхан дуу нэгтэй эсэргүүцэж, эгдүүцлээ илэрхийлсээр байв. Тэгвэл БОАЖ-ын сайд энэхүү тушаалаа хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гаргаж, албажуулжээ.
Салбарын сайдын А/376 тоот тушаалд “ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааг Бугат сумын Биж багийн нутагт орших Тахийн талд хэвээр үлдээсүгэй” гэжээ. Харин тус хэсгийн Ховд аймагт харьяалагдах газар нутгийг хариуцах хамгаалалтын захиргааг Ховдын Алтай сумын төвд шинээр байгуулахаар төлөвлөснийг албан бичигт онцолжээ. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх бус, шинэ салбартай болгож, өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хамгаалалтын захиргаа шинээр байгуулахтай холбогдуулан тухайн газар нутагт нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж, орон нутгаас санал авах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөжээ.