Идэр есийн хүйтэн эхлээгүй, цаг агаар харьцангуй тогтвортой байгаа энэ өдрүүдэд Улаанбаатар агаарын чанарын муу үзүүлэлтээр дэлхийн хотуудыг “манлайлах” болов. Тодруулбал, уржигдар буюу энэ сарын 23-ны 00.00 цагийн байдлаар нэг шоо метр дэх агаар бохирдуулагч бодисын хэмжээ Монголын нийслэлд 386 мкг байсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар олон улсын “AirVisual” сайт мэдээллээ. Бохир агаартай хотуудыг Монгол хол тасархай тэргүүлсэн бол удаах байрт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, Пакистаны Лахоре, Бангладешийн Дакка оров. Айргийн тавд Энэтхэгийн Колката жагссан юм.
Агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэгч улсын хоёр хот Монголын ард “давхилаа”. Утаанаас улбаатайгаар хэсэгчилсэн хөл хорио тогтоох, зарим ажил, үйлчилгээг хязгаарлах шийдвэрийг төрийн эрх баригчид нь хэд хоногийн өмнө гаргасан Шинэ Дели хотыг Улаанбаатар ардаа орхисон гэхээр монголчууд ямар агаараар амьсгалдаг нь тодорхой. Гэтэл агаарын бохирдлын асуудал хариуцсан төрийн байгууллагууд зөвхөн утаа багатай үеийн үзүүлэлт, мэдээллийг олон нийтэд түгээсээр буй юм.
НҮБ-ын “Хабитат”, “Грийнпийс”, “Байгаль орчны хөтөлбөр”-ийн технологийн түншлэлийн хүрээнд байгуулсан “AirVisual” сайт дэлхийн хотуудын агаарын чанарыг цаг тутам үнэлдэг. Өчигдөр 17.00 цагт гэхэд Улаанбаатар хот Казахстаны Нур-Султан, Пакистаны Карачитай зуузай холбон 100 гаруй хотоос 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байв.
Бэлтгэсэн Ж.Мишээл