“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо-Шинэ хөдөө” төслийг санаачилж, ТЭЗҮ боловсруулжээ. Төслийн хүрээнд анхны загвар хоршоог Хэнтий аймгийн Баян-Овоо сумд байгуулж, улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхээр тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан талаар ХААХҮЯ-наас мэдээллээ.
Хоршоонд суурилсан агуулахын аж ахуйг бий болгож, үндэсний стандартын дагуу малын гаралтай түүхий эдэд анхан шатны тордолт хийж, ангилан ялгаж бэлтгэдэг болсноор дараах давуу талууд бий болно.
- Хорших замаар түүхий эдийг нэг дор төвлөрүүлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэн борлуулах тогтолцооны суурь тавигдана.
-Түүхий эдийн гарал үүсэл, чанарын баталгаа хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Тээврийн болон бэлтгэлийн зардлууд буурна.
-Бэлтгэлийн хугацаанд хоршооны тусламжтайгаар малчид түүхий эдээ бүрэн авах, борлуулах боломжтой болно.
-Түүхий эдийг ангилан бэлтгэх үйл ажиллагааг хөнгөвчлөх боломж бий болно.
-Хоршоонд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хувь оруулснаар зардал багатайгаар түүхий эдээ бэлтгэн, өндөр үнээр борлуулах, мөн хоршооны хөнгөлөлттэй эсвэл бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм.
-Чанарын үнэлэмжтэй уялдсан зах зээлийн бодит үнэ бүрдэнэ.
-Чанартай түүхий эд бэлтгэн, тодорхой хугацаанд агуулахад байршуулсны дараа өндөр үнээр арилжаалснаар малчид тогтвортой орлогын эх үүсвэртэй болно. Цаашид малын үүлдэр, угсааг сайжруулах замаар ашиг шим, гарц, чанарыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тооноос чанарт шилжинэ.
-Хоршоонд гишүүнээр элсэн орсноор нийлүүлсэн хөрөнгө өвлөгдөх боломжтой болно.
Малчид, мал бүхий иргэд нь хоршооны гишүүн болж, биржийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор дараах таатай нөхцөл бүрдэнэ.
-Биржээс түүхий эдийн зах зээлийн үнэ, ханшны талаарх мэдээ, мэдээллийг тогтмол авна.
-Түүхий эдээ тогтмол нийлүүлэх борлуулалтын сувагтай болно.
-Хоршоогоор дамжуулан цөөн малтай малчид, мал бүхий иргэдийн оролцоо хангагдана.
-Сургаж, бэлтгэгдсэн мэргэжлийн түүхий эд бэлтгэгчийн удирдлага, хяналт дор стандартын дагуу түргэн хугацаанд түүхий эдийг самнах, ноослох, ангилан ялгах ажлыг гүйцэтгэнэ.
-Түүхий эд бэлтгэх орчин үеийн дэвшилтэд техник, тоноглолоор хангагдаж, түүхий эд бэлтгэлийг үйл ажиллагааг хөнгөвчилж, зардлыг бууруулна.
-Төрөөс олгож буй урамшуулал, олон улсын байгууллагуудын дэмжлэгт хамрагдана.
-Эзний болон ченжийн хоршооны оролцоо, эрсдэл буурч, жинхэнэ бодит хоршоог бий болгоно.
-Нэгдсэн зохион байгуулалттайгаар хоршооны гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүснэ. Тухайлбал, хоршооны дэлгүүрээс хөнгөлөлттэй үнээр бараа авах, дундын техник тоног төхөөрөмжийг ашиглах, мөн хөдөлмөрөөр хорших замаар гишүүдэд зориулсан нийгмийн сайн үйлсийн аян, түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагаа зэргийг хамтран хэрэгжүүлнэ.