Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, дэмжсэнгүй. Уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан бөгөөд олонхын бүлэг үүнийг дэмжихгүй хэмээн саналаа нэгтгэсэн билээ. Тус хуралдааны үеэр гишүүн Ц.Туваан, Т.Аюурсайхан нар хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаалаа.
Төслийг санаачлагч гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын их олон гишүүн хэлэлцүүлгийн үеэр даатгалын компаниудын өмнөөс асуулт тавьсан. Харин сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж асуусан нь ховор. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг боллоо. Даатгалын компаниуд улстөрчдийг санхүүжүүлдэг. Тэд зүй бус ашгаа арван жил хамгаалуулж байна. Цааш нь үүнийг бодит жишээтэй нь ярина. Бид хувийн хэвшлийг дээрэмдэх гээгүй. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр пиар хийхэд 300 сая төгрөг зарцуулсан. Би бүлгийн хурлын үеэр хэний ямар компани үүнийг тараагаад байгаа талаарх мэдээллийг хэлсэн” гэв.