Манай улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтжээ. Үүний зонхилох буюу 1.5 сая га нь байгалийн аясаар сэргэн ургах чадвартай бол үлдсэн хэсгийг нь зориудаар “эмчилж”, ойжуулах шаардлагатай гэсэн тооцоог БОАЖЯ-ны мэргэжилтнүүд гаргаад буй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод тариад зогсохгүй доройтсон ойг нөхөн сэргээж, ургуулах шаардлагатай гэсэн байр суурийг судлаачид дэвшүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид зориудаар ойжуулах шаардлагатай талбайг зайнаас тандан судлах, газар зүйн мэдээллийн систем ашиглан тодорхойлох арга зүйн судалгааг анх удаа хийжээ.
Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумын зарим хэсэг, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул гол, түүний цутгалуудыг багтаасан 272 мянган га талбайг судалгаанд хамруулсан аж. Ингэхэд Туул голын ай сав дагуух ой ихээхэн доройтож, хомсодсон нь харагдсан аж. Голын урсац бүрэлдэхэд чухал нөлөөтэй, нэн түрүүнд ойжуулах шаардлагатай 200 гаруй га талбай байгааг дэвшилт технологийн тусламжтай тодорхойлсон байна. Энэ хэсгийг нөхөн сэргээж, зориудаар ойжуулснаар Туул голын гадаргын урсац нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Зайнаас тандан судлах болон газар зүйн мэдээллийн системийг ийм байдлаар ашигласнаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг оновчтой хийх, байршлыг зөв тодорхойлох, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөөтэйг дээрх хүрээлэнгийн судлаачид онцлов.