Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Ингэхдээ тэрбээр ХААН банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй байгууллагууд хууль, тогтоомжийг чанд баримтлан ажиллаж, УИХ-ын гишүүдэд мэдээ, мэдээлэл хүргүүлэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн томоохон банкуудын үйл ажиллагааны талаарх тодорхойгүй мэдээлэл гарч буйд хяналт тавьж, шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших нь хуулиар хориглосон үйлдэл. Хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнд Төвбанк хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Банкууд холбогдох мэдээллээ үнэн, зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд хууль, тогтоомжийн дагуу банкны хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй, саналын эрхгүй байх зохицуулалттай” хэмээн сануулсан юм. Мөн Банкны тухай болон бусад хууль, тогтоомжийг чанд мөрдөж ажиллаагүй, хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцоохоо анхаарууллаа. УИХ-ын дарга “ОУВС-гийн заавар, зөвлөмжийн дагуу манай Төвбанк нь Засгийн газраас хараат бус байх, хууль, тогтоомжууд нь англи-саксоны загвараар батлагдан, хэрэгжиж байгаа. Монголбанкны нэг тэргүүн зорилго бол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах. Харин ханшийг тогтвортой байлгах арга нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих явдал. Үйлдвэрлэгч улсын мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих шаардлагатай. Энэ бол Японы хөгжлийн загвар. Төвбанк, дамжуулагч буюу гол үйлчлэгч банкууд, Эксим болон Хөгжлийн банкууд хамтарч үндэсний үйлдвэрлэл, экспортоо дэмжиж байж улс орноо хөгжүүлдэг. Энэ загвар руу аажмаар шилжиж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгууллаа. Ийм учраас Монголбанк Эдийн засаг, хөгжлийн яамтай уялдаа холбоогоо сайжруулсан шинэ институц, зарчим бий болгох хэрэгтэй” гэв.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилсон юм.
Бэлтгэсэн У.Наран