ХХААХҮЯ-аас улирал бүр “Нээлттэй мэдээллийг цаг” зарлаж, газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг салбарын мэдээллийг өгч байхаар болсон. Өчигдөр болсон нээлттэй мэдээллийн үеэр З.Мэндсайхан "GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан" талаар мэдээлсэн. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болсон байна. Манай улс тэр дундаа говийн бүсэд цагаан будаа амжилттай тариалж, энэ жил ургацаа хураан авсан нь цагаан будаа тариалах технологийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх чухал үр дүн гарсныг салбарын сайд онцолсон юм. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрэх аж.
Тутарга буюу цагаан будаа тариалахын давуу тал
Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах, импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийх юм. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна.
Тутрагын тариалалт нэмэгдэхээр түүнийг даган боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, дагалдах бүтээгдэхүүнээр шувуу, гахайны аж ахуйн агууламж сайтай тэжээл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд болох боломжтой.